10:29 PM
0

Залуу бүсгүйг  эцсийн хүчээ шавхан гар дээрээ өргөн алхсаар  усны захад хэвтүүлж алгандаа ус хутган уулгах гэж оролдлоо.
Бүсгүй ухаангүй хэвтэнэ. Харин залуу их угаартсан болхоор арай гэж уруул дээр нь л ус дусааж дөнгөв. Тэр сүүмийсэн нүдээр бүсгүйнхээ үзэсгэлэнт царайг харан харсаар, харц нь бөхөж нүд анин амьсгал хураалаа.

Гашуун утаанаас холдсон бүсгүйн уушиг цэнгэг агаараар дүүрч, уруулан завсраар нь хүйтэн ус урсав. Балартан байсан ухаан нь цэлмэж зовхи нь гэрэл мэдэрлээ. Нүдээ аажуухан нээхэд цэнхэр тэнгэр юу ч болоогүүм шиг амгалан харагдна. Тэр өөрөө ч ер бусын тайван. Гэтэл гэнэт дөнгөж саяхан болж өнгөрсөн явдлууд ухаан санаанд нь харван орж ирэв.

Аймшигт улаан гал, хүмүүсийн орилоон. Хугаран унасан 2 аварга модны дунд ганцаар үлдсэн бүсгүй. Аврал эрэн хашгирсаар үхэлтэйгээ эвлэрэн өвдөг бохирон унахдаа, орчлон дээр төрүүлж өсгөсөн аав ээжийнхээ дүрийг нүдэндээ харж, мөн хайртай залуугийнхаа нэрийг амандаа шивнэсэн юм. Түүнд эхний бөгөөд эцсийн удаа агуу хайр дурлал ирсэн байсан юм сан жээ.

Ийнхүү өөрийг нь залгихаар цоролзон асах гал дотор хамаг мэдрэмж ухаан нь гээгдхийн цагт, аниж байсан нүдэнд нь хайртай залуугийнх нь дүр гэнэт тодрон гарч ирээд түүнийг галан дундаас шүүрэн авсан билээ. Тэгээд цаашаа яалаа....

Сая ухаан орсон бүсгүй хайрт түүнийгээ дуудан өндийж хартал тэр хурууных нь үзүүрт уруулаа наан хэвтэж байлаа. Хамгийн хайртай хүн нь түүнтэй ийм ойрхон байсанд тэр хязгааргүй баяр хөөрт автан өөрийн эрхгүй түүнийгээ энхрийлж духан дээр нь үнсэв. Бүсгүй түүнийг унтаж байна гэж бодон тэврэн хэвтэхээр завдтал урууланд нь хүйтэн арьс мэдрэгдсэн шиг санагдав. Бүсгүй давхийн цочиж хайраа дуудтал хайр нь огт хөдөлсөнгүй ээ. Дахин дахин дуудаж, цурхиран уйллаа ч залуу түүнд хэзээ ч хариу өгөхгүй болжээ. Бүсгүй хайртай хүнээ тэвэрсээр ухаан нь дахин балартав.

Хорвоо хүнд үгээр хэлшгүй сайхныг бэлэглэдэг боловч үзгээр  бичишгүй муухайг ч дагалдуулдаг аж.

Тэр хайраасаа хагацаж ганцаар үлдэхийг үл хүснэ. Гэтэл энэ үед хайртай залуугийнх нь сүнс агаарт нисэн өөрийг нь харж байх шиг санагдав. Тэр дээшээ харан, чамгүйгээр надад булгийн ус ч шавхайнаас өөрцгүй гэж тэр амандаа шивнээд босон явж өндөр хадан цохиог чиглэн алхлаа. Тэр дахин дээшээ харж, чамгүйгээр надад цэнгэг агаар ч гашуун утаанаас дор гэж бас шивнэв.

Харин энэ үед залуугийнх нь сүнс үнэхээр түүнийг харж байсан юм. Бүсгүйгээ хориглон хашгирч, зосоохыг оролдовч нэгэнт 2 өөр ертөнц болжээ. Хадан цохионы ирмэг дээр тэр ирээд доош харахад ёроолгүй хар ангал түүнийг хүлээж байлаа. Чамгүйгээр надад амьд байх гэдэг тарчлан зовохоос ч дор билээ, хайрт минь би чамдаа очлоо... гэж хэлээд тэр огтхон ч тээнэгэлзэлгүйгээр үсрэв.

Саяхан гунигт бүсгүйн зогсож байсан хадан цохио одоо эзгүйрэн дүнхийнэ. Харин ангалын цаанаас цаагаан даашинзтай бүсгүйн сүнс аажуухан нисэн гарч ирлээ. Дороос нь мөнөөх залуугийн сүнс бас гарч ирэв. Тэд тэнгэрт дураар ниснэ. Бүсгүй хамгийн хайртай хүнээ дахин харсандаа хөөр баярт автаж түүнтэйгээ эрхлэн тоглож, саяхан мэдэрсэн ганцаардлынхаа хүнд хэцүүг тоочин байлаа. Харин залуугийн сүнс түүнийгээ чимээгүй харан байснаа гэнэт сарайгаа барайлгаж орхилоо. Эрлэгийн элч, аймшигт цэргүүд тэдэн дээр бууж ирэх нь тэрээ.

Эрлэг хааны шүүлт. Эрлэгийн хаан галан сэнтий дээрээ заларч шоргоолжин чинээ сүртэй бяцxан хүмүүсийн явдлыг дэнсэлдэг ажээ.

Эхлээд залууг авчрав:
-Чи, амьд ахуйдаа үргэлж сайн үйл хийж ирсэн ариун сэтгэлт нэгэн байж. Гэвч дурлалаас болон өөрийн амийг үл хайрлан эрсдүүлсэн гэмтэй юм. Дурлал бол хүний шуналт сэтгэлийн үр билээ. Гэлээ ч, эрдэнэт хүний амь аварч эрсэдсэн тул диваажинд суутугай! Дуртай цагтаа эргэн хүний биед төрж болно.

Цэргүүд залууг тавьж нэн хүндэлтэйгээр бөхийн, алтан хаалга тийш орохыг урилаа. Харин залуугий сүнс бүсгүйнхэд хорогдон явж үл чадна.

Дараа нь бүсгүйн сүнсийг авчирлаа.
-Чи, хүн байсан үедээ ариун цагаан сэтгэлт нэгэн байж. Буян үйлдэж, олон амьтан ба хүмүүст тус хийсний чинь сайшаагууштай. Гэвч хүний заяанд төрсөн завшаанаа огоорон дурлалаасаа болж амиа егүүтгэсэн гэмийг чинь уучлашгүй. Дурлал бол хүний шунал тачаалын сэдлээс үүдэлтэй хувиа хичээсэн өчүүхэн сэтгэлийн үр билээ. Түүнийг тамд аваач! Тэр эгнэгт тамд үлдэн, хүний төрлийг дахин хэзээ ч олохгүй!

Цэргүүд бүсгүйг тал талаас нь дамжлан авч явах гэсэн боловч тэр үг хэлэхийг гуйлаа.
Эрлэг Номун хаан дохисноор цэргүүд түүнийг тавив.
Бүсгүй цурхиран уйлж:
-Надад тамд үүрд суух аймшигтай бишээ. Харин түүнээс сална гэдэг л чиний тамаас илүү аймшигтай байна даа. Би түүнтэйгээ л байхын тулд биенээсээ салсан билээ..
Эрлэг хаан:
-Тэгвэл чиний залууг чамтай адил тамд илгээе. Түүнтэйгээ хамт миний халуун тамд зов!
Бүсгүй улам цурхиран уйлж:
-Үгүй дээ хаантан минь. Түүнийхээ зовохыг харснаас хэзээ ч харахгүй байсан нь дээр. Харин дурлалын тухайд та юу ч мэдэхгүй байна. Би шунаглан тачаадаж, өөрийн бие сэтгэлийнхээ аз жаргал болоод амгаланг хайсан удаагүй ээ. Гагцxүү түүнийгээ гэсэн хайр минь дэндүү их байлаа. Түүнгүй бол би энэ хорвоод амьдрах хэрэггүй байсан юмаа. Хорвоо надаар дутахгүй, надад хорвоо бүр ч хэрэггүй.
Гэж хэлээд бүсгүй залуу руу гаа эргэн харж, хайрт минь намайгаа уучил, чи минь сайхан жаргаж, эргэж хүний биед төрөөрэй, намайгаа дурсаж яваарай. Надад энэ там огтхон ч хэцүү биш, чамайгаа мөрөөдөн суухад ижийнхээ дэргэд байснаас ялгаагүй гэж хэллээ.

Харин залуу нь Эрлэг хаанд хандаж өөрийгөө бүсгүйн хамт хамгийн халуун ч гэсэн тамд хамтад нь шидэж орхихыг гуйн сөгдлөө.

Эрлэг хаан хөмсөгөө зангидан бодлогоширно.
-За яахав та 2 үнэхээр агуу сэтгэлтэй улс юм. Шунал тачаалын үр биш, хайр энэрэхүйн үр байсан ажээ. Та 2 буц даа. Дэлхийдээ оч. Гэхдээ 2 өөр газар 2 өөр хувь тавилангаар бие биенээ танихгүй хүмүүс болж төрнө. Та 2 эргэн учирнаа. Тэр цагт зүрх чинь урьдахаа санан дурлалцах боловч хамт байх амьдалын чинь зураг төөрч, зураасууд чинь дэндүү холдсон байх болно. Бусдыг нь өөрсдөө шийдсүгэй. Энэ та 2-н эндээс өршөөгдсөний чинь төлөөс болог! гэж хэлээд Эрлэг Номун хаан гараа дохив. 

2009.06.17
Next
This is the most recent post.
Older Post

0 comments:

Post a Comment